Байгууллагын товч танилцуулга

* Байгууллагын нэр: "Багачууд Хүнс" ОНӨААТҮГ

* Хууль зүйн хэлбэр: Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар

* Байршил: Чингэлтэй дүүрэг, Хайлааст 13 дугаар хороо, Сургуулийн 24-00

*Үйл ажиллагааны чиглэл: Цэцэрлэгүүдийн хүнсний хангамж

* Хамрах хүрээ: Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүд

* Утас: 11357813, 11357815

“Багачууд Хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь анх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүнсний хангамжийг хариуцан ажиллах зорилгоор "Багачууд Хүнс" НӨҮГ нэртэйгээр байгуулагдсан.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор байгууллагын дүрмийг шинэчлэн баталж, "Багачууд Хүнс" Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчилсөн.

2006 оноос өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 33, Чингэлтэй дүүргийн 32 цэцэрлэг, нийт 65 цэцэрлэгийн 13000 гаруй хүүхдийг эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангасан,  баталгаатай хүнсний бараа, бүтээгдэхүүнээр тасралтгүй ханган ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/323 дугаар захирамжаар тус байгууллагын бүтэц, орон тоог 24 байхаар баталсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 19 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүнд: Захирал-1, менежер-1, ерөнхий нягтлан бодогч-1, тооцооны нягтлан бодогч-1, архив, бичиг хэргийн ажилтан-1, эрүүл ахуйч-1, нярав-4, жолооч-3,  ачигч-4, тоног төхөөрөмжийн механикч-1,  үйлчлэгч-1, тогооч-1 гэсэн орон тоотой ажиллаж байна.

Тус байгууллага нь 1350 мкв талбай бүхий контор, агуулахын  зориулалтын байртай, 2 га газартай, түгээлтийн 2 автомашинтай үйл ажиллагаагаа явуулж байна. 2019 оноос байгууллагын хуучин конторын барилгыг засаж, засварлан  Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн харьяа байгууллагын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийг байгуулан Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 2-3 насны хүүхдүүдийг хамруулан үйл ажиллагаагаа жигдрүүлэн ажиллаж байна.

Манай байгууллага нь жил бүр Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч, Төсвийн ерөнхийлөн захирагчтай "Үр дүнгийн гэрээ" байгуулан ажиллаж, хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр тайлагнахын зэрэгцээ Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газрын даргатай "Контракт гэрээ" байгуулан тухайн оны эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилтот түвшинг батлуулан ажилладаг.