Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээнд ННЗБ-ын удирдлагууд хамрагдлаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, Удирдлагын академи, JCI Монгол байгууллага хамтран “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээг 2022 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Нийслэл “RISE-Аcademy” сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд хамрагдсан ба сургалтыг багийн ажиллагаанд тулгуурласан олон улсын сургалтын шинэлэг арга зүйг ашиглан дизайн сэтгэлгээний арга, систем сэтгэлгээ, зан үйлийн нөлөө, анализ синтез аргачлалаар явуулсан нь онцлогтой, мөн үр дүнтэй байлаа. Удирдлагын академи, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөхүүд, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, JCI Монгол академийн багш нар сургалтыг удирдан явуулж, сургалтад хамрагдсан нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагын 100 гаруй удирдах албан тушаалтан батламж гардан авлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх А.Мөнхболд нар оролцон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудын сонирхсон асуултад хариулт өглөө. Мөн арга хэмжээний хаалтын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн удирдан явуулсан хэлэлцүүлэгт оролцож “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл танилцууллаа.